РУ
EN
ЗӨВЛӨЛТ МОНГОЛЫН САНСРЫН ХАМТАРСАН НИСЛЭГ
Буцах

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулсан “Хүн- Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт архивын баримтын үзэсгэлэн

2021-03-19

Зөвлөлт Холбоот Улс “Спутник-1” нэртэй анхны хиймэл дагуулыг 1957 оны 10 дугаар сарын 04-нд амжилттай хөөргөж, улмаар 1961 оны 04 дүгээр сарын 12-нд сансрын нисэгч Ю.А.Гагарин “Восток-1” хөлгөөр сансар огторгуйд 108 минут буюу 1 цаг 50 минут орчим нисэн дэлхийг бүтэн тойрсон нь дэлхийн олон улс үндэстэнд сансар огторгуй, од эрхсийг судалж ашиглах гарцыг нээжээ.   Үүнээс хойш дэлхийн улс орнууд сансар огторгуйг судлах, энэ талаарх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл явц идэвхтэй өрнөсөн. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн орон болсноор, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар  баталсан хэд хэдэн конвенцид нэгдсэн юм. Тухайлбал: 1967 оны  “Сансрын огторгуй, түүнчлэн сар болон тэнгэрийн бусад эрхсийг шинжлэх, ашиглах талаар улс гүрний явуулах үйл ажиллагааны зарчмын тухай”, 1968 оны “Сансрын нисэгчдийг аврах, мөн нисэгчдийг эгүүлэн өгөх, сансрын огторгуйд хөөргөсөн биет юмыг эгүүлэн өгөх тухай хэлэлцээр”, 1972 оны “Сансрын биетээс хохирол учруулсны олон улсын хариуцлагын тухай конвенц”, 1975 оны “Сансрын огторгуйд хөөргөсөн биетүүдийг бүртгэх тухай конвенц”-ууд юм.   ЗХУ нь 1965 оноос эхлэн найрамдалт харилцаатай улс орнуудын сансрын нисэгчдийг хамтарсан нислэгт хамруулан, судалгаа шинжилгээний ажил хийх зорилготой олон улсын "Интеркосмос" хөтөлбөр боловсруулсан.   Хөтөлбөрийн хүрээнд   БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй БНМАУ-ЗХУ-ын сансрын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр Улаанбаатарын цагаар 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 42 минутад хөөрч, 1981 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай буусан. Ингэснээр БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон.  Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан зохион байгуулах “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэнд Монгол Улсын Архивын Ерөнхий газар, ОХУ-ын ШУА-ийн архив, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, Геофизикийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, МОНЦАМЭ агентлаг, Монгол цэргийн музей, Монголын уран зургийн галерей, Монголын аеронастикийн холбоо, Дү-дү хүүхдийн сансрын музей, Монголын сансрын технологийн холбоо, Марс-В төсөл, Монсаат хөтөлбөр, МУИС-ын Мазаалай хөтөлбөр зэрэг байгууллагууд болон хувь хүмүүс оролцож байна. Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй  Монгол Улс  НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан конвенциудад нэгдсэн тухай, ЗХУ-ын сансрын нисэгчдэд “БНМАУ-ын баатар” цол олгосон зарлигууд болон Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулсан сонирхолтой баримтуудыг анх удаа дэлгэн үзүүлж байна.